Намайг Б. Мөнхбаатар гэдэг
Ярилцлага, сонгуулийн материал · Намтар →
Видео ярилцлага
Б. Мөнхбаатарын телевиз, YouTube дээрх ярилцлагууд.
Ярилцлагын хэсгээс
Ярилцлагын хэсгээс — Б. Мөнхбаатар өөрийн түүх, сургалт, амьдралын сургамж, фермер болсон шалтгаан болон «Хотын сэргэлт — Шинэ Улаанбаатар» мөрийн хөтөлбөрийн талаар ярьж байна.
Та хүүхэд насны түүхээсээ хуваалцвал?
Гэрээсээ хол байж үзээгүй 17 настай хүүхэд анх Москвад хөл тавьж, тухайн үед бүх зүйл толгой дээр ирж байв. Буцчихмаар санагдаж байсан ч ээж, аав маань урам зориг өгч байсны үр дүнд удалгүй Санкт-Петербург хотдоо дассан. 1, 2-р курсдээ төдийлөн сайн сурдаггүй байсан ч 3-р курсээсээ хичээлдээ сайжирч ангийнхан маань манайд ирж хичээлээ давтдаг болсон. Ингээд уулын инженер мэргэжлээр сургуулиа амжилттай төгсөж, техникийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалаад эх орондоо буцаж байв.
Таны амьдралаас ойлгосон хамгийн том сургамж?
Элэг бүтэн амьдрал л хамгийн чухал юм билээ. Багадаа ээж, аав, эмээ, өвөөгийнхөө ачлал хайранд өссөн. Гэвч өсөх насандаа ээж, аав, дүүгээ алдсан нь амьдралын маань хамгийн хүнд үе байсан. Тэр үеэс хойш амралтын өдөр бүр гандан орж, дараа төрлийнх нь төлөө залбирдаг байлаа. Сүүлд эхнэр бид хоёрт гурван ихэр хүүхэд заяасан нь тэд маань надад буцаж ирсэн мэт гайхамшигтай санагддаг.
Та бага насны дурсамжаасаа хуваалцаач?
Хичээлийн амралт эхэллээ л бол аав, ээжтэйгээ хөдөө их явдаг байлаа. Гэр бүлээрээ хамтдаа аялж байхад юунд ч санаа зовохгүй, хамгаалагдсан мэдрэмж төрдөг байсан. Тэр үеэ санагалзаад ч тэр үү, хүүхдүүдээ монгол ахуйгаа таньж мэдээсэй гэдэг үүднээс хамт хөдөө аялж, илүү их дурсамж бүтээхийг бодож явдаг. Миний бодлоор хүмүүжил, төлөвшил, аливаад хандах хандлага чухал, үүн дээр боловсрол нэмэгдвэл тэр хүн юунд ч хүрнэ гэж ойлгодог.
Та инженер, техникийн мэргэжилтэй байж сүүлийн жилүүдэд байгаль орчин болон хүнсний салбарт оржээ. Яагаад фермер болсон бэ?
Агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал бол бидний өмнө тулгамдсан хамгийн том асуудал. Бага наснаасаа зуны амралтаараа малчин эмээ, өвөө дээрээ хүүхэд насаа өнгөрөөж, мал маллаж, малтай ойрхон өссөн. Эмээ өвөөгөөсөө өвлөж ирсэн мал сүрэг дээрээ үндэслэн фермийн аж ахуй эрхэлж монгол малын чанарыг сайжруулъя гэдэг санаа анх 2014 төрж, түүнээс хойш бага багаар бэлдэж явсаар өнгөрсөн жилээс фермийн аж ахуй руу шилжүүлсэн. Цаашид мах махан бүтээгдэхүүний цогц үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьж байна.
Уламжлалт мал аж ахуйг фермийн хэмжээнд хүргэхэд ямар хүндрэл бэрхшээл гарч байв?
Тухайн үед ард иргэд, малчин өрхүүд фермийн үйл ажиллагааг ойлгохгүй, нүсэр том ажил гэж бодож байсан бол нэгдсэн журмаар тэжээлээ тариалаад, малаа эрүүлжүүлээд, чанаржуулж богино хугацаанд Сэлэнгэ үүлдрийн цөм сүргээ 1000-д хүргэж чадсан. Үүнийг хараад малчид маань ч гэсэн ингэж ажиллаж болох юм байна гэдэг бодол тээж биднээс суралцаж байгаа. Энэ нь нэг талаараа бэрхшээл мэт боловч нөгөө талдаа бусдад үлгэр дуурайл болж байгаа сайн хэрэг.
Малын тэжээлээ өөрсдөө тариалдаг гэсэн үг үү?
Тийм ээ, одоогийн байдлаар малд хамгийн их шим тэжээл бүхий уургийн агууламж өндөртэй улаан буудай, овъёос, цагаан арвай, вандуй зэрэг дөрвөн төрлийн ногоон тэжээлийг 1000 орчим га талбайд тариалж байна.
Хотын сэргэлт — Шинэ Улаанбаатар
Ногоон байгууламж, Treelings
Treelings төслийг хэрэгжүүлсэн өөрийн туршлагаараа Баянзүрх дүүргээ ногоон байгууламжаар баялаг болгохын тулд хичээнгүйлэн ажиллах болно.
Хүнс, хөдөө аж ахуй
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа туршлагаасаа «Хотын сэргэлт — Шинэ Улаанбаатар» мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцоно.
Эрт илрүүлэг, эрүүл мэнд
Эрт илрүүлэг бол эрүүл, элэг бүтэн амьдралын гол түлхүүр гэж боддог. Тиймээс эрт илрүүлгийг тасралтгүй үргэлжлүүлнэ.
Сонгуулийн материал
Баянзүрх дүүргийн 3-р тойрог — гол постерууд.



▸Бусад материал (10)










