Сүүлийн өдрүүдэд Туул голын ай сав дагуу баригдах хурдны замын асуудлаар мэргэжил нэгт нөхөд маань байр сууриа илэрхийлж байна. Инженер хүний хувьд бид үүнд сэтгэл хөдлөлөөр бус, асуудлыг цогцоор нь харж мэргэжлийн ёс зүйгээр хандах ёстой.
Бидний “Бөөр” ба усны аюулгүй байдал:
Гол бол зөвхөн урсгал ус биш, хотын ундны усны нөөцийг шүүж, нөөцөлж байдаг амьд систем юм. Бөөрөө гэмтээн байж хурдан гүйх нь “Хөгжил” бус “Эрсдэл” юм. Голдиролыг нь өөрчилж бетондох нь ирээдүйд Улаанбаатар хотыг ундны усны хомсдолд оруулах “Системийн алдаа” болно.
Август хааны гантиг “Ром”:
Ромын анхны эзэн хаан Август “Би Ромыг тоосгон хот хүлээн аваад, гантиг хот болгож үлдээлээ” гэж хэлсэн байдаг. Гэхдээ тэр зөвхөн чулуу өрөөгүй, харин тэр Ромын инженерийн систем, дэд бүтэцийг иргэдэд хамгийн таатай байхаар “Архитектор” шиг төлөвлөсөн. Бид байгалийг устгаж “Бетон” ширэнгэ болгох уу, эсвэл иргэдийнхээ амьдрах орчныг үнэ цэнэтэй болгох “Гантиг систем” бүтээх үү?
Кеннедигийн “Moonshot” ба Алсын хараа:
Жон Ф.Кеннеди саран дээр очих хөтөлбөрийг эхлүүлэхдээ “Амархан учраас биш, хэцүү учраас” гэж хэлсэн. Голын ай сав дагуу зам тавих нь хамгийн “Амархан” бөгөөд “Алсыг хараагүй” шийдэл. Харин байгальтайгаа зохицсон, технологид суурилсан ухаалаг хотыг бүтээх нь “Хэцүү” боловч “Зөв” инженерчлэл юм.
Induced demand-ийн урхи:
Тээврийн инженерчлэлд “Зам нэмэх тусам, машин нэмэгддэг” шинжлэх ухааны парадокс байдаг. Бид өнөөдрийн түгжрэлээс зугтах гэж байгаад, маргаашийн илүү том түгжрэл болон үерийн аюлыг “худалдаж” авч болохгүй.
Инженер хүн бетон бус, системээр нь харах ёстой. Бид бетоноор бус, ухаалаг төлөвлөлтөөр түгжрэлийг тайлах учиртай.




